Sunday, March 2, 2014

Оросын хөгжмийн зохиолчид

ОРОСЫН НЭРТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ НИКОЛАЙ ЯКОВЛЕВИЧ МЯСКОВСКИЙ (1881-1950)
Оросын нэрт хөгжмийн зохиолч Н.Я.Мясковский 1881 оны дөрөвдүгээр сарын 20-нд Варшавын ойролцоох Новогеоргиевск цайзанд төрж цэргийэ офицер эцгийгээ дагаж, багадаа Оренбург Казань хотуудаар дамжиж Доод Новогород хотын кадетын корпус сургуульд орж Москва хотод Цэргийн инженерийн сургууль төгсөж Зарайск хотод алба хааж байгаад эцэст нь Москва хотод сууршижээ.
Тэр үед гэхэд хар багасаа хөгжимд сэтгэлээ өгсөн Н.Я.Мясковский цэргийн сургуулийн найрал хөгжим удирдаач Н.И.Казанцевт шавь орж зохицлын онол үзэж байлаа. 1903 оны нэгдүгээр сард Москвад ирээд нэрт хөгжмийн зохиолч Глиэрийн шавь болж аялгууны зохицлын онолын мэдлэгээ гүнзгийрүүлж Римский-Корсаковын шавь И.И.Крыжановскийтэй таарч олон хоолойн онол, окмийн найрууллага заалгаж москвагийн болон петербургийн хөгжмийн дэгээс зэрэг суралцжээ.
Өдөрт бүтэн таван цагийг хөгжмийн хичээлд зориулж шөнө нь албаны ажлаа амжуулна. 1906 оны зун цэргийн удирдлагаас нууж Петербургийн консерваторид элсэлт шалгалт өгч тэнцэв. Тэгээд цэргийн албанаас халагдаж хойшдын амьдралаа хөгжмийн урлагт эгнэгт зориулахаар шийджээ. Оюутан байхдаа хөгжмийн зохиол бичиж эхлэсэн хийгээд анх Гиппиусын шүлгээр романс зохиож хэвлүүлжээ. 1908 онд жижиг найрал хөгжмийн хамтлагт зориулсан анхдугаар симфонио туурвисан нь 1914 оны зургаадугаар сарын 2-нд тоглогджээ. Дараа нь 1909 онд францийн нэрт зохиолч Эдгар Погийн "Нам гүм" үлгэрээр симфони найраглал, 1912 онд Н.Яковлевичийн "Аластор" зохиолоор симфони найраглал бичжээ. Үүнд "Нам гүм" симфони найраглал нь түүнийг хөгжмийн зохиолч болон төлөвшиж байгаагийн нотолгоо болсон бол "Аластор" симфони найраглалд гол баатруудын хөгжмийн "тодорхойлолт" ялангуяа хуй салхи, үхлийн үзэгдлийн найрууллага нь үнэхээр гайхалтай ончтой болсон байлаа.
1911 онд гучин настайдаа мэргэшлийн багш Лядовт хоёр квартетээ үзүүлж консерватори төгсөж хөгжмийн шүүмжлэгчийн үйл ажиллагаа эхэлж "Хөгжим" сэтгүүлд гурван жил ажиллах хугацаандаа 144 өгүүлэл, тэмдэглэл нийтлүүлжээ.
1914 онд Дэлхийн нэгдүгээр эхлэхэд армид татагдаж инженерийн Цэргийн дэслэгчийн мөрдөс зүүж Перемышль хотын ойролцоо олсон тулалдаанд битүү бэртэж Ревель хотод барьж байгаа цайзын барилгын ажлыг дуусгах ажилд дайчлагджээ. Дайн, Октябрийн хувьсгалаас төрсөн сэтгэгдлээ 1917 оны 12 дугаар сарын 20-1918 оны дүгээр сарын 5-нд хооронд гурван сар гаруйн хугацаанд бичсэн Дөрөвдүгээр болон Тавдугаар симфониуддаа илэрхийлжээ. Хувьсгалын дараа орос оронд дайн байлдаан үргэлжилсээр байсан тул 1921 он хүртэл армид алба хаажээ. Зургаадугаар симфонио бичихээр шийдсэн ч тохирох сэдвийн эрэл хайгуул хийж их цаг зарцуулжээ. 1921 оны эхээр бичиж эхлэсэн симфонио дараа оны зун сая нэг дуусаж найрууллагыг нь хийж байлаа. Оросын хамгийн шилдэг, хүчтэй симфониудын нэг гэж зүй ёсоор тооцогддог зургаадугаар симфони нь маш олон талт, зохиомжийн хувьд нарийн, сүрлэг бүтээл юм. Нэг цаг дөрвөн минут үргэлжилдэг симфонийн анхны тоглолт 1924 оны тавдугаар сарын 4-нд Их Театрт болсны дараа нэрт хөгжмийн шүүмжлэгч В.М.Белеяв сэтгэгдэл бичихдээ "Үнэхээр гайхалтай сайхан симфони болжээ. Үзэгчид босож хориод минут нижигнэтэл алга ташиж зохиогчийг бөхөлцөн" талархлаа илэрхийлж хөшигний цаагуур далдрах бүр улам чанга алга ташиж долоон удаа дуудан гаргаж байлаа. Зарим хөгжимчид сэтгэл хөдөлснөөс уйлж байгааг хараад миний нүдэнд ч нулим цийлэлзэж билээ." гэжээ.
Н.Я.Мясковский хориод оны үед дахин дөрвөн симфони бичсэн ч дэвшүүлэн тавьсан асуудал, уран сайхны илэрхийллийн хувьд Зургаадугаар симфонийг нь давж гараагүй байна. Хувьсгалыг магтан дуулагчид түүнийг харш үзэл сурталтай гэж шүүмжилж байхад түүний нэр гадаадад улам түгж байв. Леопольд Стоковский Тавдугаар симфонийг нь 1926 оны нэгдүгээр сард Чикаго, Филадельфи, Нью-Йорк хотуудад амжилттай тоглуулсны дараа Зургаадугаар симфонийг нь тоглохоор сургуулилт хийж нэрт хийлч В.Гизекинг австрийн Цюрих хотод хийсэн тоглолтынхоо хөтөлбөрт түүний Төгөлдөр хуурын дөрөвдүгээр сонатыг оруулж Долоодугаар симфонио дуусгаж амжаагүй байхад нь алдарт удирдаач Кусевицкий Парижаас тоглох захиалга урьдчилан ирүүлж байлаа.
1926 оны нэгдүгээр сарын 24-нд Прага хотод Зургаадугаар болон Долоодугаар симфонийг нь удирдаач Саражев тоглуулсны дараа үзэгчид бүгд босон алга ташиж тэрбээр долоон удаа тайзан дээр гарч байжээ. Саражев мөн оны гуравдугаар сард Вена хотод Зургаадугаар симфони тэрчилэн "Мадригал" сюитийг нь удирдан тоглуулжээ. Н.Я.Мясковский дэндүү даруу, элдэв хүндэтгэлээс зайлсхийдэг хүн байсан учир гадаадад огт явахгүй байсан ч Ф.Шопений хөшөөний нээлтийн ёслолд оролцох зөвлөлтийн хөгжмийн зохиолчдын бүрэлдэхүүнд багтаж 1926 онд Варшав хот оржээ.
Амьдралдаа нийт 27 симфони туурвиснаас зөвхөн хоёр нь л энэ бүлэгт ажээ. Хамгийн цуутай бүтээл нь Хорин нэгдүгээр, А.С.Пушкиний "Зэсэн хөшөө" найраглалаар бичсэн Аравдугаар симфониуд нь юм. 1932 онд зохиосон "Хамтралын симфони" гэж нэрлэгдсэн Арван хоёрдугаар симфониос нь түүний хөгжим “ардчилагдсан, гэгээрсэн гэж үздэг. Арван гуравдугаар симфонийг нь 1934 оны сүүлчээр Москва, Чикаго хотуудад нэгэн зэрэг тоглож дараа оны намар Швейцарийн Винтертур хотод удирдаач Г.Шерхен мөн тогложээ.
Түүний Арван дөрөвдүгээр симфони нь илүү гэгээн, илүү жавхаалаг болжээ. Москвагийн филармонийн концертын улирлын нээлтээр 1936 оны аравдугаар сарын 24-нд Москвагийн консерваторийн Их танхимд зөвлөлтийн нисэх хүчнийг алдаршуулсан Арван зургаадугаар симфоний анхны тоглолтыг нь унгарын удирдаач Эуген Сенкарн удирпан тоглуулсны дараа С.Прокофьев "Советское искусство" сонинд нийтлүүлсэн шүүмжлэлдээ "Энэ симфони нь ончтой сэдэв хосгүй гайхамшигт хөгжмийн хэллэг, сэтгэл санааны төгс төгөлдөр илэрхийлэл, гадаад элдэв чамирхалгүй байдлаараа жинхэнэ бүтээл болжээ." гэж шагшин магтжээ.
Дайны өмнөх дөрвөнд жилд уран бүтээлийн арвин ургацтай байж таван симфони хөгжим туурвижээ. Тавхан хоногийн хугацаанд зөвлөлт, оросын симфони хөгжмийн урлагийн сувд эрдэнэ болох Хорин нэгдүгээр симфоний эх нооргийг бичжээ. 17 минут үргэлжилдэг, эх орноо магтан дуулсан эл симфони нь туйлын ойлгомжтой хэлбэр, олон хоолойн хосгүй тод илэрхийллээрээ гайхагддаг.
Аугаа их эх орны дайн эхлэхэд цэрэг эх орны сэдэвтэй гурван дуу, үлээвэр хөгжимд зориулсан "Баатарлаг", "Хөгжилтэй" марш зохиож Нальчик хотод байхдаа анхандаа "Аугаа их орны дайны тухай симфони-баллад" гэж нэрлэж байсан Хорин хоёрдугаар симфонио туурвив. Дайны жилүүдэд биеийн байдал нь муудсанаас 1949 оны хоёрдугаар сард хагалгаа хийлгэсэн нь бүтэлтэй болсонгүй, эмч нар дахин хагалгаа хийх зөвшөөрөл хүсэхэд Хорин долоодугаар симфонио яаж ийгээд дуусгах зорилго тавьж эрс татгалзжээ.



ОРОСЫН ХӨГЖМИЙН АЛДАРТ ЗОХИОЛЧ АЛЕКСАНДР ПОРФИРЬЕВИЧ БОРОДИН
(1833-1887)
Оросын хөгжмийн алдарт зохиолч, химич эрдэмтэн Александр Порфирьевич Бородин Петербург хотноо төржээ.
Багаасаа өргөн боловсролын үүд сөхсөн А. П. Бородин франц, герман, англи, итали хэл сурч, шинжлэх ухаанд тэмүүлж байхдаа хөгжмийг түүнээс дутуугүй сонирхжээ. Тэрээр найман настайгаасаа лимбэ, төгөлдөр хуур, гобой хөгжим сурч, естэйгээсээ хөгжмийн зохиол бичиж эхэлсэн байна. 17 настайдаа Орос орны байгалийн шинжлэлийн төв гэж алдаршсан Петербургийн Анагаах ухаан-мэс заслын академид орж 1855 онд төгсжээ. Тус сургуулийн гуравдугаар курст байхдаа алдарт химич Н. Н. Зининий лабораторид ажилласан нь азтай учрал болж, нэрт эрдэмтэн ч түүнийг өөрийн залгамжлагч болох хүн гэж илэрхий ярьдаг байв. Харин хөгжим зохиодогт нь баахан дургүй байжээ. Гэвч А. П. Бородин шинжлэх ухаан, хөгжим хоёрыг гайхамшигтай хослуулжээ. Чавхдаст хөгжмийн гурвал зэрэг хэд хэдэн зохиолоо, дипломын ажилтайгаа нэг зэрэг бичин академийг «онцсайн» дүнтэй төгсөж, хоёр жилийн дараа мышьякийн хүчлийн фосфорын хими, хорзүйн сэдвээр докторын зэрэг хамгаалсан билээ.
1859 оноос эрдэм шинжилгээний буурьтай бүтээл туурвихаар гадаадад томилогдон сууж Д. И. Менделеев, И. М. Сеченов нартай анд нөхөд болсон байна. Үүний хамт чавхдаст болон төгөлдөр хуурын дөрвөлүүдээ бичжээ. Эх орондоо эргэж ирмэгц оросын сонгодог хөгжмийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлсэн «Бат эвсэл» бүлэгт орж Кюи, М. П. Мусоргский, Н. А. Римский-Корсаковтой үзэл санаа уран бүтээлээ холбожээ. Энэ бүлэг түүнд асар их нөлөөлж 1860-аад оноос хойш алдарт нэг, хоёрдугаар симфонио туурвин, «Игорь ван» дууриа эхэлж, чавхдаст хөгжмийн дөрвөл, «Дундад Азиар» гэдэг симфони зураглал зэрэг бүтээлүүдээ бичсэн юм. А. П. Бородин шинжлэх ухаанд нөр хөдөлмөрөө зориулахын зэрэгцээ «Игорь ван», «Млада» зэрэг том бүтээлээ туурвиж эхлэв. Түүний «Баатар эрсийн» гэж алдаршсан хоёрдугаар симфони болон «Игорь ван» дуурийг оросын туульсийн симфони, туульсийн дуурийг үндэслэсэн сүрлэг бүтээл болсон гэж үздэг юм. Ийм ч учраас оросын, хөгжмийн нэрт шүүмжлэгч В. В. Стасов «эдгээр бүтээлд эртний Оросын баатарлаг хүч тэнхээ шингэжээ» гэж үнэлсэн юм.
А. П. Бородин шинжлэх ухааны, ялангуяа органик химийн ухааны салбарт олон чухал бүтээл туурвисан бөгөөд гол нь анхны фтор органик нэгдэл-фторт бензолийг гарган авч (1862), альдолийн конденсацийн урвалыг судлан, бромоор халалцсан өөхний хүчлийг гарган авах өвөрмөц арга боловсруулжээ.
1877 онд А. П. Бородин Петербургийн Анагаах ухаан-мэс заслын академийн академичаар сонгогдсон байна. Хөгжмийн алдарт зохиолч, химич-эрдэмтэн 1886 онд гуравдугаар симфонио зохиох нүсэр ажлыг эхэлж, «Игорь ван», «Млада» зэрэг бүтээлээ дуусгаж амжилгүй бие баржээ. Эдгээр бүтээлийг нь хожим Н. А. Римский-Корсаков, А. 3. Глазунов нар гүйцээсэн юм.



ОРОСЫН СОНГОДОГ ХӨГЖМИЙН ИХ ЗОХИОЛЧ МОДЕСТ ПЕТРОВИЧ МУСОРГСКИЙ
(1839-1881)
Оросын сонгодог хөгжмийн их зохиолч Модест Петрович Мусоргский багаасаа хөгжим сурч зохиол оролдсон бөгөөд цэргийн сургууль төгсгөж офицер болжээ.
М. П. Мусоргский «Өнгөрсөн үйл явдлаас ургуулан өнөө үеийг дүрслэх нь миний гол зорилго» гэж уран бүтээлийнхээ чиглэлийг тодорхойлжээ. Тэгээд орос орны өнгөрсөн түүхээс сэдэж «Борис Годунов», «Хованскийнхан», «Сорочиний яармаг» зэрэг алдарт дууриа бүтээжээ. Эдгээр сүрлэг дуурьт нийгэм-түүхийн дүр зураг, ард түмний аж төрөл, бодол санааг үнэн мөнөөр нь хурц яруу дүрсэлсэн байна. 1868-1872 онд бичсэн «Борис Годунов» жүжгийн хурц шүүмжлэлт утга, шинэ сэргэг хөгжмийг ардчилсан үзэлтнүүд бахархан угтахад харин харгис засаг энэ дуурийг хааны эрх дархад халдсан хэрэг гэж үзээд тоглуулахгүй хориглосоор байжээ. Өргөн хүрээтэй, зоригтой үзэл санаа энэ дуурьт дэвшүүлж тэмцэлд боссон ард түмэн, арчаагаа алдаж ганцаардсан хаан хоёрыг сөргүүлэн дүрсэлсэн юм.
М. П. Мусоргский «Хованскийнхан» эмгэнэлт дуурьтаа бурангуй ёс сөнөх тавилантайг харуулж, Пётр хааны шинэчлэл ард түмэнд аз жаргал авч ирж чадаагүйг хурц шүүмжлэв. Гэвч энэ дуурийн төгсгөлийг бичиж чадаагүй, хожим нь Н. Римский-Корсаков гүйцээж тоглуулсан байна. Харин дуурийнхаа удиртгал болгож бичсэн «Москва гол дээгүүр уүр цайлаа» гэдэг хөгжим симфонизмийн гайхамшигт жишээ болсон бөгөөд түүнийг «Орос орны дээгүүр гийх үүрийн туяа» гэж тэр үед билэгдэн нэрлэж байв. Тариачдын амьдралаас сэдэвлэж бичсэн дууль, ёгт дуунууд «Үзэсгэлэнгийн зургууд» гэдэг төгөлдөр хуурын мөчлөг бүтээл тариачдын гуйланч амьдралыг дүрслэн, хамжлагат ёсыг шүүмжлэн ташуурдсан билээ. «Үхлийн дуу, бүжиг», «Мартагдсан хүн», «Наргүй өдөр» дуульдаа хүн төрөлхтний гамшиг зовлонгийн эх болсон дайныг эсэргүүцсэн энэрэнгүй үзлээ илэрхийлжээ.
Түүний бүтээлийг элдвээр хавчин шүүмжлэх болсонд тэрээр гутарч, амьдралынхаа сүүлийн жилүүдэд сэтгэлийн хямралд орж зохиол бичихээ орхижээ. Гоонь амьдралтай түүний эрүүл мэнд эрс дордоход харж хандах ойрын хүн ч байсангүй. Харин түүний хөтөч болон зүс буруулж, цэргийн эмнэлэгт хэвтүүлсэн алдарт зураач И. Е. Репин, М. П. Мусоргскийг эргэж ирсээр түүний хөрөг зургийг бүтээсэн нь үнэт ховор зүйл болон хойч үед үлджээ.
А. И. Герцен хаант засгийн үеийн тэргүүний сэхээтнүүдийн хувь заяаны тухайд «Тэд дөнгөж цэцэглэх үедээ мөхөж байв. Тэгээд ч амьдралаас хагацах гэж яардаг байсан юм» гэж бичсэн билээ. Энэрэнгүй үнэнийг дуулагч М. П. Мусоргский энэ тавиланг тойрсонгүй боловч зохиол бүтээл нь түүнийг мөнхөлжээ.



ОРОСЫН ХӨГЖМИЙН СУУТ ЗОХИОЛЧ ПЁТР ИЛЬИЧ ЧАЙКОВСКИЙ
(1840-1893)
Оросын хөгжмийн суут зохиолч Пётр Ильич Чайковский уулын инженерийн гэр бүлд төржээ. Бяцхан хүүгийн авьяас билэг багаас нь тодорч таван настайдаа Шопены мазурк бүжгийн аяыг сонсголоороо хөгжимдөж чаддаг болжээ. Тэр үед Петербургт түр явсан эхийгээ санахдаа «Миний ээж Петербургт» гэдэг дуу зохион дуулж байсан нь түүний анхны хөгжмийн зохиол байв. Гэвч эцэг эх нь түүнийг хууль цаазны мэргэжилтэн болгохоор Петербургийн их сургуульд оруулжээ. Сургуулиа 1859 онд амжилттай төгсөж, Шүүх яаманд томилогдсон боловч энэ ажил түүнд эс таалагджээ. Иймээс ч 1862 онд дөнгөж нээгдээд байсан Петербургийн Дуу хөгжмийн дээд сургуульд орж гурван жилийн дараагаар алтан медальтай төгссөн байна. Энэ үес түүний авьяас билэг ид ундарч, анхныхаа гурван симфони, төгөлдөр хуурын найрал концерт, олон романс болон дөрвөл, «Франческа да Римини» гэдэг симфони найраглалаа туурвисан байна. Мөн дөрөвдүгээр симфонио бичиж эхэлжээ. Ардын үлгэрийн сэдвээр үнэнч хайр сэтгэлийг харуулсан «Хунт нуур» балетын хөгжмөө мөн энэ үед бүтээжээ. Энэ нь Оросын балетын хөгжимд шинэ үе нээсэн юм.
1877 онд П. И. Чайковскийг «Евгений Онегин» дууриа бичиж байх үед нь хөгжмийн дээд сургуулийн нэгэн оюутан эмэгтэй түүнд хайр сэтгэлтэй болсноо илэрхийлж, олон удаа захиа ирүүлсэн байжээ. Тэр эмэгтэйн сэтгэлийг туурвиж байсан дуурийнхаа Татьянатай зүйрлэн өрөвдөж хайрлахдаа өрх гэрийнхээ эзэгтэй болгожээ. Гэтэл тун удалгүй авааль гэргийнх нь ааш зан танигдаж, хийсвэр хөнгөн нэгэн болох нь мэдэгдсэн тул П. И. Чайковский сэтгэл санаагаар гутран, уран бүтээл нь ч урагшаа ахихаа байжээ. Гэвч хөгжмийн зохиолч эрс шийдвэр гаргаж, бэртэгчин амьдралтай зууралдан суухаа түргэн зуур ор тас орхиж Петербург рүү, дараа нь гадаад орноор хэсэг зуур аялжээ. Энэ үедээ болон Эх орондоо эргэж ирэнгээ дөрөвдүгээр симфонио бүрмөсөн дуусгаж, «Евгений Онегин», «Орлеаны хүүхэн» дууриудаа бичиж, «Их жүжигчний дурсгалд» гэдэг гурвал болон хийлийн найрал концерт, «Италийн Капричио» зэрэг алдарт бүтээлүүдээ туурвижээ.
«Евгений Онегин» дууриараа А. С. Пушкиний романы баатруудын дүрийг хөгжмийн хэлээр улам тодорхой, ойлгомжтой болгон дахин амьдруулж, дуурийн урлагийг шинэ хэлбэрээр баяжуулсан юм.
1881 онд А. С. Пушкиний «Полтав» гэдэг найраглалаас сэдэвтэй «Мазеп» гэдэг дуурь дээрээ ажиллаж эхэллээ. Энэ нь Оросын I Пётр хаан шведүүдтэй дайтсан хийгээд, Украины цэргийн удирдагч гетман Мазепийн урвасан тухай түүхт, бодит үйл явдал юм. Энэ үйл явдлыг хөгжмийн хэлээр харуулахдаа баатар тус бүрийн дүрийг нарийн тодруулж, түүхийн үнэн, ард түмний дуу хөгжмийн арвин санг чадамгай ашиглан урлажээ. 1880 онд Москва хотын ойролцоо оршин сууж тав, зургадугаар симфони, «Гилбэрийн хатан», «Дурыг булаасан хүн» дуурь, «Иоланта» хөгжимт жүжиг, «Нойрсож байгаа гоо дагина» балетын хөгжмөө туурвижээ. Эдгээр нь сонгодог бүтээлийн алтан санд оржээ.
1893 оны X сарын 16-нд П. И. Чайковский 6-р симфонийхоо анхны тоглолтыг удирдсан юм. Энэ нь түүний эцсийн концерт байв.
Хөгжмийн суут зохиолчийн дурсгалыг мөнхжүүлж 1894 онд Клин хотод, 1940 онд Воткинск хотод түүний гэр-музейг нээсэн бөгөөд 1958 оноос П. И. Чайковскийн нэрэмжит Олон улсын хөгжмийн уралдаан Москва хотноо зохиогддог уламжлалтай болжээ.


 
ХӨГЖМИЙН НЭРТ ЗОХИОЛЧ АЛЕКСАНДР СЕРГЕЕВИЧ ДАРГОМЫЖСКИЙ 
(1813-1869)
Оросын сонгодог хөгжмийн урлагт шүүмжлэлт реализмыг үндэслэгч, хөгжмийн нэрт зохиолч Александр Сергеевич Даргомыжский Тула хотод төржээ. Түүний хөгжмийн гоц авьяас билэг бага насанд нь тодорч нэрт хөгжимчдөөр төгөлдөр хуур, хийл хөгжим заалгажээ. 17 нас хүрэхдээ олон талын боловсролтой, нэлээд нэрд гарсан хөгжимчин болсон төдийгүй хөгжим зохиож эхэлсэн байна.
М. И. Глинкатай танилцаж дотно нөхөрлөсөн явдал түүний амьдрал, уран бүтээлийн замд үндсэн эргэлт болжээ. Бага наснаасаа орос ардын дуу, романсыг илүү сонирхож байсан нь түүний уран бүтээлд бас нөлөөлжээ. Үргэлж шинийг эрж сэдэх, нийгмийнхээ тэмцэл зөрчлийг илэрхийлж, өөрийн үзэл бодлыг бүтээл туурвилдаа тусгахыг тэр чармайн ажилласаар «Эсмеральда» гэдэг анхныхаа дуурийг бүтээсэн боловч төдийлөн амжилт олсонгүй. Дараа нь Пушкиний шүлгээр «Вакхын баяр» гэдэг том хэмжээний магтуу зохиож, улмаар энэ бүтээлээ бүжигт дуурь болгож засварласан нь Оросын ийм дуурь бүтээх гэсэн анхны оролдлого байв.
Нийгмийн тэгш бус байдлыг арилгах арга замыг уран сайхнаар дүрслэх, хурц зөрчил, тэмцлийг илэрхийлсэн өвөрмөц дүр бүтээх эрмэлзэлдээ хөтлөгдөн «Лусын дагина» гэдэг алдарт дууриа зохиожээ. Энэ дуурийг 1856 онд анх тоглоход язгууртан дээдсийн сэтгэлд таалагдаагүй боловч жирийн үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөж чадсан байна. Ийнхүү «Лусын дагина» дууриараа шүүмжлэлт реализмын үндсийг тэр тавьсан гавьяатай хүн юм. Энэхүү «Лусын дагина» дуурь түүний уран бүтээлийн оргил болсны гол үндэс нь М. Глинкийн уламжлалыг хөгжүүлж, ардын урлаг, ардын яруу найраг, ардын дуу хөгжимд тууштай тулгуурласан явдал мөн. Манай оронд
«Лусын дагина» дуурийг 1964 онд тоглосон билээ.
Оросын хөгжмийн түүхэнд чухал байр эзэлдэг «Бат эвсэл»-ийн уран бүтээлчидтэй тэр нягт холбоотой байв. Тэр үед олон арван романс, «Украин аялгуу», «Шуламс», «Фин дууны сэдэвт уран сэтгэмж» зэрэг симфони найрал хөгжмийн зохиол бичиж «Чулуун гийчин» дууриа зохиож эхэлсэн боловч өвчний учир дуусгаж чадалгүй нас баржээ. «Чулуун гийчин» дуурийг нь Ц. А. Кюи, Н. А. Римский-Корсаков нар А. Даргомыжскийн гэрээслэл ёсоор гүйцээн зохиожээ.

No comments:

Post a Comment